Түүх домог
Бурхны шашин
Бурхан Шагжамуни (Sakiyāmuni) 29 сүүдэртээ хаан, ордноо орхин нямба хийж, 35 насандаа гэгээрч бурхны хутаг олжээ. Бурхны шашин нь Шагжамунийн номлосон сургаал, зарлигийн үндсэн дээр бүтсэн шашин хийгээд бурхан багш шавьдаа дамжаад явдаг rgyu da (жүд, монголоор үндэс гэсэн утгатай)-ийн сургаал юм. Бурхан багшийн сургаал нь их хөлгөн (Mahayana), бага хөлгөн (Hinayana) хоёр их сургаал байдаг агаад “ миний сургаал ном умардаас умардад түгнэ” хэмээн эш үзүүлсэн нь их хөлгөний сургаал дамжлага юм. Энэ нь Энэтхэгээс умард руу Балба, Төвд, Хятад, Монгол, Буриадад дэлгэрсэн ба бага хөлгөн нь Энэтхэгээс өмнө зүг рүү Шриланка, Тайланд, Вьетнамын бурхны шашин юм.
Их хөлгөн, бага хөлгөн нь дараах хэдэн зүйлээр ялгаатай байна.
- Их хөлгөний ёсонд сайн цагийн 1000 бурхан байна. Бидний буддагийн өмнө З будда байсан. Шагжатүб, Майдар (ирээдүй цагийн бурхан). Харин бага хөлгөнд 1 л будда байна. Тэр нь Сидхахартха (Залуу үйл бүтээгч) юм.
- Их хөлгөнд өөрөөсөө гадна зовлонт олон амьтныг эх болсон хамаг амьтны тусын тулд бурхныгщ хутаг олох учиртай бол бага хөлгөнд бурхны хутагт өөрийн бодгалийг хүргэх учиртай байна.
Их хөлгөнд Олон бурхан сахиус байна. Түмэн төрөлхтөн байна. Харин бага хөлгөний ёсонд бурхан сахиус байхгүй байна.
Богд Зонхов Лувсандагва

Дархач овогт эцэг Лүнгүмбэ, эх Шин ачои нарын 4-р хүү болон мэндэлжээ. Шидэт лам цорж Дондовринчен хөвгүүний эсэн мэнд бойжихын бэлгэдэл болгож бэлгэ илгээсэн байна. Хөвүүний хүйг ойлоход, цус туссан газраас цагаан лянхуа ургаж, зандан дэлгэрсэн газарт Буман лагшинт (Гүмбум) хийдийг байгуулсан байна. 3 настайд нь шидэт Гармаваролбийдорж гэнэн санваар өгч, Гунгаанямбуу гэх сахилын нэр хайрласан, 4 сүүдэртэйд сав шар үсэгт сургасан. Сав гэдэг нь хичээнгүй, шар гэдэг нь таталган бичлэг болой. Гумарабодхи гэдэг ламаар гэцэл санваар өгсөн.
20 сүүдэрт үл танигдах өвчнөөр чилээрхэх цагт олон эмч нар ялгалыг эс олсонд, өөрөө эмийн чадлыг өвчний үрд нийцүүлэн эдгээсэнд, Төвдөд Зонховоос өөр эмч үгүй гэж байлаа.
Цастны чимэг хэмээх гайхамшигт хүрч чадсан хийгээд тэрбээр бүх эрдэмтний мэдлэгийг авч чаддаг ажээ. 35 сүүдэртэйд хот мандлын тиг татах, ян эгшиг татах, чагча, бүжиг бүжих зэрэгт сайтар суралцсан. 41 сүүдэртэйд Дармаринчентэй учирч түүний агуу мэдлэгт бишрэн шавилжээ. Энэ цагаас номын садан сайн шавь нар олноор тодорч, сайн үйл бүхнээ үйлсэн байна.
1402 онд Богд Зонхов “Ламрим” буюу “Бодь мөрийн зэрэг”- туурвижээ. Энэ бүтээл нь их хөлгөний 3 төрөлхтөнд зориулсан даган барилдах бүтээл юм.
Богд Зонхов бурхны шашны шинэтгэл хийсэн нь:
- Сахил санваарыг чангатган гэлэнгийн ёс тогтоосон.
- Гэлэн хүний ёсыг өөрийн ажил үйлээр үйлдэж, олон шавь нарыг дагуулсан.
- 1390 оноос өмнө өмнөд Төвдийн “Олха Чойлан” агуйд шавь нарын хамт бясалгал хийснээс хойш олон сүм хийдийг сэргээн байгуулах ажил эхлүүлсэн.
“Оройгүй сүм”

Өндөр гэгээнд зориулсан хийд барих эзэн хааны зарлигаар томилогдсон шинжээчид газар орныг судлан шинжиж явсаар Ийвэн голын хөвөөнд хонь хариулж явсан хөвүүн, охин хоёртой тааралджээ. Шинжээчид хүүхдүүдэд хийд барих гэж яваа зорилгоо хэлэхэд хоёр хүүхэд учир зүггүй инээд алдаж гэнэ. “Уйлсныг бүү асуу, инээснийг асуу гэдэг. Та хоёр хүүхэд юунд шоолон инээлдэв” хэмээн асууж л дээ. Тэгэхэд хоёр хүүхэд “Тэр сүм, хийд гэдэг чинь хулганы хөеө, шувууны сангас болдог газар биз дээ” гэсэн гэнэ.
Шинжээчдийн ахлагч энэ хүүхдүүдийн ярьж байгааг анхаарах хэрэгтэй юм байна хэмээн бодож, улмаар тэр хоёр хүүхдийн тоглож байсан газарт хийдийг барьсан байна. Хийдийг барихдаа сүмийн суурийг хулгана, зурам ухахгүй, дээврийг шувуу сууж сангас болгохгүй байхаар зохион хийсэн байна. Мөн хийдийн хурал номын хоёр давхар гол сүмийг оройгүй, тэнгэр харагдаж байхаар төлөвлөж барьжээ. Оройгүй сүмийн голд том хөндий багана байх ба дээвэрт буусан цас, борооны ус түүгээр дамжин хийдийн суурийн доогуур байрлуулсан хоолойгоор урсан Ийвэн гол руу цутгана. Тэдгээр хөндий баганы дотор талыг цайр, хар тугалгаар бүрсэн нь он удаан жилийн цаг хугацааг даван туулах эдэлгээтэй болгожээ.
“Жарүн хашор” эрдэнийн их суваргын домог

Цаглашгүй галавын өмнө цагт Цаглашгүй гэрэлт бурхны дэргэд их бодь сэтгэлтэн хутагт Мэлмийгээр болгоогч Бодала уулын оргил дахь орд харшид заларч, хамаг амьтныг сансраас гэтэлгэхээр үйлдсэний эцэст эдүгээ зорилгоо биелүүлэв хэмээж болгоож, зургаан зүйл хамаг амьтны орныг орчлонгийн амьтад өчүүхэн ч эс дундарсанд, зовниж, нүднээсээ гарсан нулимсаа хоёр ядам хуруугаараа арчин авч цацаж, ирээдүйд энэ нулимсаар ч амьтны тусыг үйлдэх болтугай гэж ерөөл тавьснаар гучин гурван тэнгэрийн орны нэгэн болох Хурмастад Дүүрэн, Өчүүхэн дүүрэн хэмээхүй хоёр охин төржээ.
Өчүүхэн дүүрэн тэнгэрийн цэцэг хулгайлснаар хүн төрлийг олж Балбын Магуд хэмээх нутагт шувуу маллагч эцэг Тодорхой, эх Бүрна нарын охин болон мэндэлж, Дээд амгалант нэрийг авчээ. Тэрбээр, морь, гахай, нохой, шувуу маллагч дөрвөн эртэй ханилснаар тус бүрээс нэг нэг хүү төрүүлжээ.
Дээд амгалант эх шувуу малласан хөлсийг хурааж, дөрвөн хүүдээ гэр авч өгч, өрх тусгаар болгож, хөлсний үлдэгдлийг хурааж, хөрөнгө мөнгөтэй болж, түүгээрээ амьтан бүхэн буян хураах газар болох Суварга босгохыг хүсч, их хаанаас зөвшөөрөл хүсэхэд хаан, “Чи хүссэн зүйлээ хий” гэжээ.
Эх өөрийн дөрвөн хүү, нэг зарцын хамт заан, илжиг хоёрт шороо, чулуу ачин зөөж, их суваргын суурь хэсгийн гурав дахь үед хүрэх алдад ядуу эмэгтэй гагцаар их суварга босгох нь бидний нэр төрд халтай гэж хааны шадар сайдууд, нутгийн хөрөнгө чинээтэй, нөлөөтэй хүмүүс хэлэлцэж, хааныг ятгахаар хаанд айлтгажээ. Тэгэхэд хаан бээр, “хаан хүн нэг л зарлигтай. Уг суваргыг үйлдэж болно хэмээн хаан би ам алдсан тул амнаасаа буцахгүй” гэснээр “Жарүн хашор” буюу “Ам алдсан” хэмээн уг суваргыг нэрлэх болжээ.
Суваргын ажил өвөл зунгүй үргэлжилсээр, дөрвөн жилийн дараа суваргын орой хэсгийн хагас дугуй хэлбэртэй бумба нь л дутуу үлдээд байх үед, амьдрах хоногийн тоо гүйцэж буйг мэдэрсэн Дээд амгалант эх 4 хөвүүн, 1 зарцаа дуудаж, “Та нар их суваргыг дуусгах ёстой. Дотор нь буддагийн эринсэлээс залж, тахих ёслол үйлдвэл гурван цагийн хамаг бурхадын тааллыг олж, та бүгдийн энэ, хойт насны хэрэг бүтэх болно” хэмээгээд орчлонгоос хагацжээ. Тэр ахуйд дуу хөгжим, тэнгэрээс цэцгийн хур бууж, солонго татаж, суварга босгосны ачаар Дээд амгалант эх Тангарагийн бэлгэ бурхан- Пра мо ха болжээ.
Бидний эх ядуу зүдүү, шувуу маллагч байсан ч Их суварга босгосон тул одоо бид ачийг нь хариулахын тулд эхийн суваргын бумбыг бүтээж дуусгая хэмээцгээж, урьдын адил ажиллаж, гурван жилийн дараа бүтээж дуусгажээ. Ахан дүүс Буддагийн шарилаас гагц хэмжүүрийг авчирч, суваргын гол баганын дотор хийжээ. Энэхүү суварга нь Балба улсын Катманду хотод байдаг юм байна.












