Үйл ажиллагаа
Шашин номын үйл
Амарбаясгалант хийд нь бурханы хүлцэнгүй ёсны зохист мөрийг барьсан гэлэн, гэцэл 6000 гаруй лам хувраг бүхий номлол бүтээлийн Nх гарахуйн орон байжээ. Өнөөдөр Амарбаясгалант хийдэд сахил санваараа сахисан гэлэн, гэцэл 50 орчим лам хуврагууд хуран шашин амьтны тусыг бүтээж байна.
Амарбаясгалант хийдэд 80 орчим лам нар Винайн ёсыг сахин эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд бурхан шашины номд суралцаж байна. Шавилан суугч лам нар нь хурсан олон сүсэгтний амьдрал, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өдөр тутам ном хурахаас гадна сар бүрийн билигт өдрүүдэд тогтмол ном хурдаг юм.
Амарбаясгалант хийдэд хурдаг хурал ном
Өдөр тутмын хурдаг ном
Хийморийн сан, Ногоон дарь эх, Хорин нэгэн дарь эх, Насны бурхан, Цагаан шүхэрт, Лусын сан, Ариун сан, Чойжил дүгжү, Сэржим зэргийг багтаасан Чогжин хурал хуруулна.
Эдгээр нь та болон таны үр хүүхэд хань ижил, хамаатан садангийн ажил үйлс, эрүүл мэнд, аз хийморийг дэлгэрүүлэх нигуртай.
Сар бүрт хурдаг ном
Их Манал, Сахиус тахих, Найданчого, Лам Чодвын Цогчэд, Сандуйн жүд
Жилд нэг удаа хурдаг ном
Гонгорын Бумбаны тахилга
Цагаан сарын ерөөл
Майдар эргэх
Цам харайх ёслол
Зулын 25-ны хурал
Арван Хангалын тахилга
Аялал жуулчлал
2006 оноос эхлэн өөрийн үйл ажиллагаандаа дэмжлэг болгох зорилгоор гадаад дотоодын мөргөлчин жуулчдыг хүлээн авч үйлчлэх бүрэн хүчин чадал бүхий “Амарбаясгалант бясалгалын төв”-ийг ажиллуулж эхэлсэн юм. “Амарбаясгалант бясалгалын төв”-өөс олсон орлогыг Амарбаясгалант хийдийн шавилан суугч лам нарын хоол унд орон байранд зарцуулдаг.
“Амарбаясгалант бясалгалын төв” нь шашны ариун оронтой хаяа дэрлэн оршдог. Нэг ээлжиндээ 50-аад амрагч хүлээн авах хүчин чадалтай, иж бүрэн 15 гэр, 50 хүнд нэгэн зэрэг үйлчлэх Монгол, Европ, Ази хоолтой тохилог зоогийн газартай.
Танд санал болгож буй бидний үйлчилгээ:
- Бурханы шашны сүсэгтэн шавь нар, эргэлчин мөргөлчин нар хийдийн хурал номын үйлд оролцон буян хураах
- 300-аад жилийн түүхтэй “Амарбаясгалант” хийдийн хосгүй үнэт бүтээлүүдтэй танилцуулах
- Шашны зан үйлүүд болон урлаг соёлын өв болох Майдар эргэх ёслол, Цам харайх ёслол, Бумба тахих ёслолыг үзэж, буян хураах.
- Байгаль эхийн бүтээсэн онгон дагшин газар орон болох Суваргын ам, Хүйсийн ам, Дарь эх толгой, Наранбулаг, Бүдүүн, Нарангийн рашаан, Бүрэнгийн нуруу, Орхон, Сэлэнгэ, гол түүний эрэг, сав газрын байгалийг сонирхох
- Гайхамшигт уран хийц, чимэг зүүсгэл бүхий Монгол хувцас эдлэл хэрэглэлүүдтэй танилцан дурсгалын зураг авахуулах
- Морин болон явган аялал хийх, нум сум харвах зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх
- Нүүдэлчдийн уламжлалт ахуйг хадгалан буй нутгийн айлуудаар зочлох үндэсний хоол, зоог, шүүс тэргүүтнийг амтыг мэдэрч дээжийг хүртэх
Та энэхүү ариун үйлсийг дэмжин хамтран ажилласнаар таны оруулж буй хөрөнгө оруулалт бүхэлдээ Амарбаясгалант хийдийг сэргээн засварлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд зориулагдах болно.












