Ариун номын орон Амарбаясгалант хийд
Амарбаясгалант хийд нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг байгалийн сайхан цогцлон бүрэлдсэн Бүрэнхан уулын өвөр Ийвэн голын хөвөөнд орших бөгөөд шашин, түүх, соёл урлагийн хосгүй үнэт өв дурсгал төдийгүй уран барилгын хосгүй нандин бүхнийг шингээсэн орон хийд юм. Түүнийг “Өндөр гэгээний хийд” ч гэж нэрлэдэг.
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын зохиол, үйлс, эрдэм билиг, авъяас, ур ухааныг хүндэлж түүнд зориулсан хийдийг Монгол нутагт байгуулахыг Манж Чин улсын эзэн хаан Энх-Амгалан 1722 онд зарлиг буулгаж 1727-1887 оны хооронд цогцлоон бүтээжээ. Номлол бүтээлийн шашны гарахуйн орон, хуврагийн их хүрээ “Амарбаясгалант” хийдийг ер бусын гоёмсгоор байгуулж өгөхөөр 10 түмэн лан буюу 3730 кг мөнгийг улсынхаа сангаас төсөвлөн гаргаж , хийдийг байгуулах газрыг судлан, шинжилж тогтоосноор 1726 оны улаан морин жил бариулж эхлэн 1737 оны улаан луу жил хийдийн барилга байгууламж бүрэн дууссан тул хийдийн аравнайг өргөжээ.
Хийдийн барилгын ур хийц , гоёл чимэглэл нь Монголд төдийгүй Ази тивийн хосгүй гоёмсог уран барилгын нэг юм. Хийд нь гадна талаараа хэрэмтэй. Хэрмийн гадна 6 аймаг, хэрмийн дотор хурал ном, сургалт эрдмийн 10 дацан буюу хүрээлэн ажиллаж, Буддийн гүн ухааны эрдмийн дээд цол аграмбын дамжааг ч барьж хамгаалдаг байв.
Манжийн эзэнт гүрэн Монгол гүрний үеийн төрт ёс, цэрэг, техник, иргэний бодлогоос уламжлан авсан байдаг бөгөөд тэдгээрийн нэгэн болох барилга урлахуйн онолыг хот суурины цогцолборт өргөн хэрэглэж байсны жишээг Амарбаясгалант хийдийн дурсгалаас үзэж болно. Цогцолборын гол хэсгүүдээс дурдвал:
Цогцолборын өмнө талд:
Ямпай хана (Монгол хаадын ордны төлөвлөлтөнд хөл хорих газар гэж байсан)
Хаалган байшин (Хамгаалалт хэрмэн хашаанд орох хаалга)
Махаранзын сүм (Монгол ордны зохион байгуулалтын зэвсэг агсах газар хийдийн цогцолборт шашныг хамгаалагч нарын дурсгал, зураг баримал хадгалан үзүүлэх байшин)
Чига (Монгол хаадын ордны өмнө морины уяа босгож байсны дурсамж бөгөөд шашны барилгыг их сүртэй өндөр болгон , туг жанцан хатгах болжээ)
Түүхийн сүм (Тухайн цогцолборт босгосон учир шалтгаан, төрийн хэрэг явдлыг чулуунд сийлэн мөнхөлж байсны жишээг үргэлжлүүлэн хэрэглэжээ)
Сангийн бойпор (үнэртэн асаах сав бөгөөд Монгол хаадын ордны өмнө ариутгалын хоёр их түүдэг асаан дундуур нь гаргаж байсны уламжлал юм)
Цогчин дуган (Xийдийн чуулбарын гол зонхилогч төвийн зохиомж бүхий барилга, Монгол хаадын үед хааны ордон байгуулж байсны уламжлалыг хадгалжээ. Дуган нь хааш хаашаа 87 чи ам дөрвөлжин хоёр давхар барилга юм. Голын дөрвөн баганын өөр хооронд 10.5 чи, гадуур тойрон явах саравчны багана хүртэл 5.25 чи зайг тус бүр төлөвлөжээ. Давхарын өндрийг 15.75 чи, дээврийн өндрийг 10.5 чи байхаар бодсон байна. Дээврийн хэлбэр нь “тэлүүр нуруу” гэдэг монгол аргаар баригджээ.)
Цогчингийн ард нэг тэнхлэг дээр Зуу сүм, түүний ард хэрмэн ханаар хашсан Лавиран сүм байжээ. Хийд давхар хэрмэн хашаатай бөгөөд дэвсгэр газрыг гурван үе болгон тэгшлэн уул цогцолборыг барьсан юм.
Хэрмэн хашааны дотор, гадна талаар хур борооны ус зайлуулах бүрдлүүдийг чадамгай хийжээ. Инженерийн шийдлээр Цогчин дуганы дээврийн усыг голын дөрвөн баганы дотуур урсган доод давхрын шалны доогуур гадагшлуулахаар тооцоолж хийжээ.
Тус хийд 207х175 м-ийн хэмжээтэй хэрэм бүхий 50 гаруй сүм дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм дуган байна.












